НИЙТ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХЭД, ЭЦЭГ ЭХ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

НИЙТ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХЭД, ЭЦЭГ ЭХ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

2019.06.27                                                                                           Цагаан-Овоо

1.“Улсын баяр наадмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна гэж заасны дагуу 7-оос доош насны хүүхдээр хурдан морь унуулахгүй байх, гэнэтийн ослын даатгалд заавал даатгуулсан байна.

 Жич: Хурдан морь уралдаанч хүүхэд өөрийн гэнэтийн ослын даатгалын дэвтэр- (даатгалын хугацаа хүчинтэй байх), төрсний гэрчилгээ эсвэл гэрчилгээний хуулбарыг биедээ авч явах.

            2. Стандарчиллын үндэсний зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага” MNS 6264:2018 стандартад заасан хамгаалалтын малгай, хантааз, өвдгөвч, тохойвч, шилбэ шууны хамгаалалтын хувцас хэрэгсэл, эмээл, хазаар, ташуур зэрэг морины хэрэгсэлд тавигдах шаардлагыг бүрэн хангаж уралдаанд оролцох.

Жич: Хамгаалах хэрэгсэлгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахгүй болохыг анхаарах.

3. Уяачид, морь уралдаанч хүүхэд болон түүний эцэг, эх асран хамгаалагчтай гурвалсан гэрээ байгуулж, түүнд морь уралдаанч хүүхдэд өгөх цалин хөлс, нийгмийн баталгаа, эрсдэл учирсан тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгасан байх.

Жич: Гурвалсан гэрээ, эцэг, эхийн зөвшөөрлийн хуудас зэргийг авч ирэх

4. Уралдаанч хүүхдийг  морь уралдааны замд гарахад комиссын бүртгэлтэй морь уралдаанч хүүхдийн даатгалын гэрчилгээг тулган шалгаж, хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд нэг бүрчлэн шалгалт хийж, шаардлагыг бүрэн хангуулан уралдаан оролцуулах.

 Иймд дээрх шаардлагуудыг бүрэн хангаж сумын баяр наадам, бэсрэг наадам, их богино сунгаа, овоо тахилга, бооцоот уралдаанд  оролцохыг зөвлөж байна. Дээрх шаардлагыг хангаж ажиллаагүйгээс үүдэн гарах эрсдэл, үүрэг хариуцлагыг тухайн  баяр наадмын комисс, морин спорт уяачдын холбоо, тухайн уралдааныг зохион байгуулж буй иргэн болон уяач, уралдаанч хүүхдийн эцэг эх хариуцахыг анхааруулж байна.

 

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР